ЗӨВЛӨГӨӨ

Thursday, December 20, 2012

Хоолны газрууд ямар байх ёстой вэ?


Хоолны газрууд ямар байх ёстой вэ?


“Эрүүл хүнс” аяны хүрээнд MNS 4946:2005 стандартын талаар дараахь зөвлөмжийг толилуулж байна-
Хоолны газарт тавих нийтлэг шаардлага:
1. Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хүрээнд хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж, хөдөлмөр хамгаалал, техникийн аюулгүй ажиллагаа, галын аюулгүй ажиллагаа, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн үндсэн шаардлагыг хангасан байна.
2. Хоолны газрын үйлчилгээ нь хэрэглэгчийн сонирхолд нийцсэн иж бүрдэл шинжтэй байна.
3. Хоолны газар нь үйлчилгээний чанарын зэрэглэлийн түвшинг хангаж, ажилтнуудын ажил үүргийн хуваарь, ажиллах зааврыг тусгасан байгууллагын стандарттай байна.
4. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар нь олон улс, улсын чанартай / хот сууринаас бусад газарт/ авто замын тэнхлэгээс 50 м-ээс багагүй зайд байрлана.
Хоолны газрын барилга, байгууламжид тавих шаардлага:
1. Эрх бүхий байгууллагаас баталсан зураг төслийн дагуу баригдсан барилга, байгууламжтай байна.
2. Хоолны газрын барилга байгууламж, инженерийн болон технологийн тоног төхөөрөмж нь “Барилгын норм ба дүрэм” II Л.8-85–д заасан шаардлагыг хангасан байна.
3. Хоолны газрын барилгын төлөвлөлт шийдэл нь үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн урсгалыг хангасан байх ба үйлдвэрлэлийн өрөө, тасалгаа нь хоорондоо болон бусад шаардлагатай өрөөнүүдтэй уялдаа холбоо сайтай байна.
4. Үйлчилгээний танхимыг гол төлөв нэгдүгээр давхарт барилгын урд болон хажуу хэсгээр байрлуулна.
5. Агуулахын өрөөг зоорийн эсвэл нэгдүгээр давхарт аж ахуйн хаалганы ойролцоо, барилгын хойд эсвэл зүүн хойд хэсэгт байрлуулна.
6. Үйлдвэрлэлийн болон захиргаа, ахуйн өрөө тасалгааг газраас дээш давхарт аж ахуйн хаалга талд эсвэл хойд, баруун хойд, зүүн хойд талд байрлуулж болно. Цехийг дамжин өнгөрөх өрөө болгон ашиглаж болохгүй.
7. Технологи ажиллагааны дарааллыг баримтлан байрлуулсан тоног төхөөрөмжийн байрлал, ажлын байр хоорондын үндсэн болон туслах зай нь хөдөлмөр хамгааллын шаардлага хангасан, цэвэрлэгээ хийх бололцоо бүхий байна.
8. Хоолны газрын төрлөөс хамааран үйлчилгээний хэсэгт үйлчилгээний танхим, хүлээн авалтын өрөө, хүлээлгийн өрөө, баар, буфет, хагас бэлэн бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр, үйлчлүүлэгчдийн өлгүүр, ариун цэврийн өрөө бүхий үүдний өрөө, эмчийн өрөө, зөөгчийн өрөө, хөгжмийн зэмсэг хадгалах өрөө, хурлын өрөө, тоглоомын өрөө, гэрээр хоол олгох хэсгийг төлөвлөнө.
9. Хоолны газрын барилга, байгууламжийн дуу чимээний хамгаалалт 35дБ буюу түүнээс доош байна.
10. Хоолны газрын үйлдвэрлэлийн үндсэн өрөөнүүдийн өндөр 3.3 м-ээс намгүй байна.
11. Цехгүй бүтэцтэй хоолны газарт түүхий эдийг хүлээж авах, хадгалах, анхан шатны ажиллагаа хийх, сав хэрэгслийн угаалгын ажлын байрыг зохион байгуулахдаа технологи урсгалыг баримтлахаас гадна халуун боловсруулалтын хэсгээс 1.5 м-ээс доошгүй өндөртэй хаалт хамгаалалтаар тусгаарлана.
Хоолны газрын галын аюулгүй байдлын шаардлага:
1. Барилга байгууламжийн галын аюулгүйн дүрэмд тавих шаардлагыг хангасан, хамгаалалтын систем дохиололтой, гал унтраах хэрэглэлтэй, гал тэсвэршилтийн I-IY зэрэглэлтэй байна.
2. .“Галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага” MNS 4244:94 стандартын дагуу барилга байгууламж нь галын аюулгүйн таних тэмдэг бүхий аваарын гарц, шат, авралтын зураг, бүдүүвчтэй байна.
3. Аваарын хаалга нь гадагш чиглэсэн байна
4. Хоолны газрын хонгил, шатны эргэх хэсэг, үйлдвэрлэлийн өрөөнд галд тэсвэргүй материалаар хийсэн хулдаас, хивсэнцэр дэвсэхийг хориглоно.
5. Техник, тоног төхөөрөмж, цахилгааны монтажийг галын аюулгүйн болон техник ашиглалтын дүрмийн дагуу угсарсан байна.
Хоолны газарт тавих эрүүл ахуйн шаардлага:
1. Хоолны газрын орчны талбай, барилга байгууламжийн засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, тоног төхөөрөмжийн аюулгүйн ажиллагааны үзлэг, хог хаягдал зайлуулах, хортон шавьжийн устгалыг эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын зохих норм дүрмийн дагуу хийнэ.
2. Ундны ус нь “Усны эрүүл ахуйн шаардлага” MNS 900:92 стандартын шаардлагыг хангасан байна.
3. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хоолны газрын ариун цэврийн нийтлэг дүрмийг мөрдөж, хоолноос дээж авч бүртгэл хөтөлнө.
4. Эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, эрүүл ахуйн шаардлага хангасан түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, тодорхой дэглэм, хугацааг баримтлан хадгална.
5. Үйлдвэрлэл болон үйлчилгээний өрөө, тасалгааны гэрэлтүүлэг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
6. Үйлчилгээний танхимтай бүх хоолны газарт тэдгээрийн төрөл, хүчин чадлаас үл хамааран үйлчилгээний болон үйлдвэрлэлийн сав угаалгын өрөөг тусд нь зохион байгуулна.
7. Хоолны газарт эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эрүүл хүн ажиллана.
Хоолны газрын инженерийн байгууламж, техникийн байдалд тавих шаардлага:
1. Бүх төрлийн цахилгаан, дулаан, усны шугам хоолойн холболт, сантехникийн хэрэглэлийн төрөл тоо, агааржуулалтын системийн хүчин чадлыг инженерийн зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
2. Хоолны газар нь цэвэр, бохир усны холболтын системтэй байна.
3. Үйлчилгээний хэсгийн өрөө, тасалгаа нь 16-180С- ын хэмтэй, 60-65%-ийн чийглэгтэй байна.
4. Үйлчилгээний танхим, үйлчлүүлэгчдийн орох хэсэг, үйлдвэрлэлийн болон сав угаалгын өрөөнүүд агаарын хэвийн солилцоог хангах ердийн болон механик салхивчтай байна.
5. Үйлдвэрлэлийн өрөө, үйлчилгээний танхим, хонгил нь ердийн буюу зохиомол, аваарын гэрэлтүүлэгтэй байна.
6. Гурваас дээш давхартай хоолны газарт үйлчлүүлэгчдийн болон үйлдвэрлэлийн зориулалттай цахилгаан шат төлөвлөнө.
7. Тоног төхөөрөмжийн угсралтыг цахилгаан техникийн тооцоонд тулгуурлан суурилуулж, газардуулага хийсэн байна.
Хоолны газрын орчны тохижилтонд тавих шаардлага:
1. Хоолны газрын барилгын эдэлбэр газарт мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлсэн, үйлчлүүлэгчдэд зориулсан амрах талбай, зуны улиралд нэмэлт ширээ засах үйлчилгээний талбай, явган хүний зам, машины зогсоолтой байх ба бараа ачиж, буулгах талбай, галын хэрэглэл, инженерийн байгууламжийн хэсэг бүхий аж ахуйн бүсийг тусдаа хашаатай байхаар төлөвлөнө.
2. Хогийн сав, хог асгах талбайг цонх, хаалганаас 20 м-ээс багагүй зайд, сумын болон зам дагуу байрласан хоолны газруудын бохир усны цооног, жорлон, хогийн цэгийг 25 м-ээс багагүй зайд ноёлох салхины доор байрлуулбал зохино
3. Орчны болон талбайн гэрэлтүүлэгтэй байна.
4. Хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалж, нөхөн сэргээх, ус, агаар, хөрсийг бохирдуулахгүй байна.
Хоолны газрын хүний нөөцийн хөгжилд тавих шаардлага:
1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажлыг /тогооч, зөөгч, бармен/ зөвхөн тухайн мэргэжлийн ажилтан гүйцэтгэнэ.
2. Хоолны газарт ажиллагсад нь хөдөлмөр хамгаалал, техник аюулгүйн ажиллагааны зааварчилга болон эмнэлгийн анхны тусламжийн мэдлэгтэй байна

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫН ГАЗАР

Saturday, November 17, 2012

хооллох урлаг нь

Хооллох урлагийн зарим жаягаас...
Эрхэм Та гадаад дотоодод галуу шувууны мах зооглож, гадна дотныхонтой ажил хэргийг аятайхан газар өрнүүлдэг л биз дээ. Тэр бүрт чинь танихгүй соёл,  толгой эргэм хутга сэрээнүүд хямраадаг л байлгүй. Тэр олон хутга сэрээ, хоол ундны учрыг олоход тань бага ч болов тус болюу гээд энэхүү зөвлөмжийг бэлдлээ. Уншаад нэг үзээрэй.
Та албан ёсны арга хэмжээ, гадаад дотоодын зочид оролцсон хүлээн авалт дээр өөртөө итгэлгүй, эвгүй байдалд орж байсан тохиолдол бий юү? Эдгээр энгийн зөвлөгөө танд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
-Гадуур хооллох үед хоолонд урьсан хүн эрэгтэй, эмэгтэйгээс үл хамааран төлбөрийг хийнэ. Тэгэхээр болж өгвөл уригдаад болохгүй бол үнэ ханш нь боломжийн, өнгө төрх нь давгүй газрыг сонгох хэрэгтэй. Одоохондоо манайхан Мажияна, Калифорния, Романс, Алтан Буга, Модерн номадс зэргийг рестораныг сонгох нь элбэг байгаа. 
-Оройн зоог зохион байгуулж байгаа эзэн нь хамгийн сүүлд хоолоо авах бөгөөд олон хүнтэй, амархан хөрөх хоолны хувьд, зочдоо халуун дээр нь хоолоо идэхийг уриалах нь зүйтэй. Тэгэхгүй бол зочид чинь ч та ч хүйтэн хоол зооглож, цэрийх, эвгүйрч, мушгирах аюулд орж мэднэ. 
-Таны хоолыг зүүн талаас өгч, хоосон тавгийг баруун талаас нь хураана. Ус, ундааг харин баруун талаас нь дүүргэх болно. Цангасан адуу шиг учир зүггүй гүзээлээд байж болохгүй шүү. Араа бодсон нь дээр.
-Мain entree буюу 2-р хоол байхгүй тохиолдолд эсвэл 2-р хоолны тавганд хачир болгон салат хийсэн тохиолдолд салатыг хоолны сэрээгээр, бусад тохиолдолд салатны сэрээгээр иднэ. Ер нь бол өрөөд тавьсан сэрээнээс гадна талд тавигдсанаас нь эхлээд хэрэглээд байх нь зөв гэдэг юм билээ.
-Талхыг жижиг хэсэг болгож гараараа хуваан, зөвхөн идэх хэсэгтээ масло түрхэх нь зүйтэй. Харваас ховдог царайлаад бүтэн бүтнээр нь масло нялж, том томоор хазлаад байвал урьсан уригдсан зочид чинь таныг сайнаар л лав бодохгүй шүү.
-Хэрэв шинэ ногооны салатны байцаа далбагар том байвал хутгаараа жижиглэж болно. Томоор нь сэрээдээд зүтгүүлвэл хамар амандаа наахаас эхлээд асуудал их гарна.
-Стейк зэрэг махан хоолыг зөвхөн идэх нэг үмхэх хэмжээгээр жижиглэн, зүсч, хутгаа тавилгүй зүүн гар дахь сэрээгээрээ иднэ. 
-Зажилж байгаа хоолоо залгиагүй байхдаа юм уух нь зохимжгүй. Ам дүүрэн хоол чихчихээд л араас нь ус цай уух эсвэл юм ярих нь гахайнаас нэг их ялгахгүй харагддаг гэсэн. Дээр бохь зажилж байгаа юм шиг чалир чалир хийн дуугаргаж зажлах, гүд хийтэл залгих нь бүр ч эвгүй байдалд оруулна гэнэ. 
-Ширээ тойруулан салат, талх зэргийг дамжуулах шаардлагатай бол баруун талынхаа хүнд өгнө.
-Бүсгүйчүүд уруулын будгаа сэргээх шаардлагатай бол хүлцэл өчин, түр гарч, хүнгүй газарт уруулаа будвал зохино. Манайхан бол түмэн олны дунд орж суучихаад уруулаа будах бол энүүхэнд. Бүр нүүрэндээ make up хийчих шахдаг ш дээ. Энэ бол таны зиндааг хаана явааг хэлээд өгнө гэж мэдээрэй. 
-Оройн зоогны амны дөрвөлжин алчуурыг нээлтийн ажиллагаа хийгдсэний дараа дундуур нь нэг нугалан өвдөг дээрээ тавина. Харин босч 00-дох, агаар салхи амьсгалах зэрэгтээ өнөөх алчуураа өвөр дээрээсээ авахаа мартав. Тэгэхгүй бол унагаж гишгээд хөгөө чирэх энүүхэнд. 
-Хоолны дундуур түр гарах шаардлагатай бол амны алчуураа сандалны түшлэг дээр орхино. Харин хоолны төгсгөлд алчуураа тавагны зүүн талд эсвэл тавгийг хураасан байвал төвд нь хуучин хэвэнд оруулж нугалалгүй байрлуулна. 
-Албан ёсны оройн зоог дууссаны дараа хутга, сэрээгээ зэрэгцүүлэн 10 цагаас 4 цагийн байрлалд хутганы ирийг дотогш харуулан байрлуулаарай. За тэгээд мэддэг чаддаг хүн ойролцоо байвал будаа идээд гүйцэтгээд байхад ерөнхийдөө болох л юм билээ. Юу ч гэсэн энэ хэдэн санамжийг тогтоогоод аваарай манайхаан.
Эцэст нь сайхан хооллоорой.

Thursday, November 15, 2012

Эрүүл хооллолт гэж юу вэ?


Эрүүл хооллолт гэж юу вэ?

11 сарын 16
Эрүүл хооллолт гэж юу вэ?
Эрүүл хооллолт гэдэг нь чанга хатуу хоолны дэглэм барих, хэтэрхий туранхай байх, хоол хүнснийхээ хэрэглээг хязгаарлаж, дуртай хоол хүнснээсээ татгалзана гэсэн үг биш юм. Харин хоол, хүнсээ зөв сонгон, зохистой бэлтгэн хэрэглэж, түүгээрээ дамжуулан таатай мэдрэмж, эрч хүч авах явдал билээ. Эрүүл хооллолт нь хоол хүнсээ зөв танин мэдэх, зөв хооллох дадалд суралцах, эзэмшихээс эхлэх бөгөөд Таны юу идэж байгаа төдийгүй, ямар хэмжээгээр идэж байгаагаас ихээхэн шалтгаална. Хоол хүнснийхээ зүйлийг зөв сонгож, зохистойгоор хэрэглэх нь зүрх судасны өвчин, хавдар, чихрийн шижин зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг багасгах төдийгүй, сэтгэл санааны хямралд орохоос урьдчилан сэргийлж чадна. Үүний зэрэгцээ зөв хооллож сурснаар Таны эрүүл мэнд, ой ухаан сайжирч, эрч хүч нэмэгдэж, сэтгэл санаа тань тогтвортой болно.

 Эрүүл, зөв хооллох үндсэн зөвлөмж
  1. Эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байж, эрүүл хооллох дадал эзэмших, шийдвэр гаргах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх
  2. Олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдхүүнийг давамгайлан хэрэглэх
  3. Хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнх хэсэг нь цардууллаг байхаас гадна эслэг агуулсан байх хэрэгтэй.
  4. Төрөл бүрийн жимс,жимсгэнэ, хүнсний ногоог илүү их хэрэглэх
  5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны мах, ногоон өнгийн навчит ургамал зэрэг кальц ихээр агуулдаг бүтээгдхүүнийг түлхүү хэрэглэх
  6. Өөх тос, сахарын хэрэглээг хязгаарлах
  7. Давсыг бага хэрэглэх
  8. Хөдөлгөөний хомсдолгүй, илүүдэл жингүй байх
  9. Ус ихээр хэрэглэх
  10. Өглөөний цайгаа заавал уух